Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хавтгайд нь
2016 оны 11 сарын 22 [Уншсан тоо: 45969]
Нэгдүгээр эгнээнд зогссон арван машины золгүй нэгийг нь түүж 60 мянгаар торголоо гээд түгжрээ багасахад хэр нэмэртэй юм бол. Харин арван машиныг хавтгайд нь 6 мянгаар торгоод хэвшчихвэл тун чиг нэмэртэй байх вий. /Хавтгайд нь торгуулийн хуудас наах г.м. олон л хялбар арга байдаг юм билээ. Бүр аргагүйг нь ачих/.

Жил бүр ганцхан эрдэмтэнийг сорчилж 100 сая төгрөгөөр шагнахаас илүү 20 хүнд хавтгайд нь 5 саяар хувааж өгөөд байвал шинжлэх ухааны хөгжилд хавьгүй нэмэртэй байх вий. 1-хэн тамирчинд сарын 5 саяын цалин өгч, шагналаар буллаа гээд спорт хөгжихгүй л дээ. Харин тэр 5 сая төгрөгийг хавтгайд нь, жишээлбэл жингийнх нь өрсөлдөгч, бэлтгэл хангагч, дасгалжуулагч нийлсэн арваад хүнд 500 мянгаар нь сар бүр хувааж өгдөг болчихвол спортын цаашдын хөгжилд хамаагүй тустай юм. /Спортын тайлбарлагч Батзаяа нарийн ширийнийг их бичдэг дээ/

1000 оюутан гадаадад сургаад гадаад улсад мэргэжилтэн бэлдэж өгөхийн л нэмэр. Нэгэнт цойрсон 1000 хүнийг нэмж дэмжихээс илүүтэй хавтгайдаа "F" байгаа ЕБС -ийн хүүхдүүдийг хавтгайд нь ядаж "D" түвшинд аваачих нь л чухал. A B нь байг л дээ, 500 мянган хүүхдийг хавтгайд нь ядаж "D" түвшинд хүргэчихвэл тэднээс эрхбиш 100 мянга нь "C" болно, тэр 100 мянган "C" -ээс эрхбиш 50 мянган бодитой "B"  гарч ирнэ, тэр 50 мянган "B"-ээс 10 мянган бодитой "A" гарч ирэх юм. Жил бүр ядаж жинхнээсээ "А" түвшиний 10 мянган хүүхэд ЕБС төгсөөд байвал төр засаг дэмжсэн дэмжээгүй 1000 нь угаасаа гадаадад өөрсдөө тэтгэлэгээр явчихна. Ядаж л олимпиадад явуулах 5 хүүхдийг 100 -ын дундаас биш 10 мянгын дундаас сонгох нь илүү биз. 10 мянган бодит А түвшиний хүүхдээс хэчнээн инженер, хэчнээн эрдэмтэн, хэчнээн сайн мэргэжилтэн төрөх бол. /Дүн биш бодит түвшинийг хэлэв. Мэдээж өнөөгийн ЕБС -д F байтугай C, D дүнтэй хүүхэд бараг үгүй. Гурван үг биччихэж чадахгүй гэж чичлүүлэх ихэнхи залуус хэл бичиг, уран зохиол дээрээ 90А дүнтэй байдаг юм шүү/.

Ухаандаа өндөр мод ургуулахын тулд хэдхэн модыг л хэтэртэл нь дэмжих биш хавтгайд нь ойжуулах ёстой юм. Нүцгэн талд өндөр мод тэсэхгүй шиг хэдхэн мундаг залуус бэлдлээ гээд дүрвээд л явчихна. Ядаж хэлдэг үгийг нь ойлгодог "намхан модод" эргэн тойронд нь байж гэмээнэ өндөр модод тогтож ургана биздээ. Хавтгайдаа ядаж дөрвөн аргын тоогоо сурчихвал тэрэн дундаас нобелийн шагналтнууд төрөх юм. Хавтгайдаа ядаж дөрвөн өгүүлбэр холбоод сурчихвал тэрэн дундаас нь дэлхийд гайхуулах зохиолч, бичээчид төрөх юм. Хавтгайдаа хөдөлмөрлөөд сурчихвал тэрэн дундаас нь дэлхийд гайхагдах бизнесмэнүүд төрөх юм. Харин эсрэгээрээ хавтгайд нь халамж тараагаад байхаар халамжинд булагдсан олны дундаас "дэлхийд гайхагдах паразитууд" төрөөд байгаа юм л даа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив