Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ойлголцол
2016 оны 12 сарын 15 [Уншсан тоо: 23807]
“Миний бичсэнээс миний бодлыг л харж болно. Миний яг хэн гэдгийг нь биш” гэсэн үг бий. Зүгээр үедээ зүгээр мөртлөө твитэр, фээсбүүк дээр юм бичихээрээ л өвчтэй шизотой юм шиг болчихдог найзууд олон. Бодсоноо ч зөв ойлгоогүй байхдаа хэлсэн нь бүр далийхаас яахав. Зам дээр сул эгнээгээр давхиж орж ирээд урдуур шахдаг гаруудыг хаяа алчихмаар бодол төрдөг. Агшин зуурт төрсөн бодол болохоос яг ч алж чадна гэсэн үг биш л дээ. Саяхан нэг охин фээсбүүктээ "Зөндөө уйлаад гуйгаад байхад гаргахгүй гээд байх юм.. Ээж та ч ёстой шулмас юмдаа.." гэсэн пост тавиад амьтаны ад болов. Хөөрхий охинд "Ээж бол шулмас.." гэсэн бодол мильсэкундэд төрсөнийгөө нэг сэкундэд фээсбүүктээ бичсэн ч байж болно. Буруу юм бичсэнээ 2 секундын дараа ойлгоод устгасаныг нь "сэргэлэн" нэг нь амжиж screenshot хийчихсэн ч байж болно. Фээсбүүк яаж хэрэглэхээ ойлгоогүй хүүхэд үү, үнэхээр хүмүүжилгүй охин уу, эсвэл Үнсгэлжингийн хойд эх үү бүү мэд. Ямартай ч бүгд тухайн охины мильсэкундын бодлыг шууд дүгнэж, тэр охиноор өнөөгийн залуусыг дүгнэж, цаашлаад нийгэм ёс суртахуун, үндэсний аюулгүй байдлыг дүгнэв.. 

Сардаа ганц фээсбүүкээ нээдэг хүн өдөр бүхэн хэрэглэдэг хүнээс өөр хандлагатай байх нь мэдээж л дээ. Харин үүн дээр хэлний мэдлэгийн ялгаа бас нэрмээс болно. Гадаад хэл биш шүү, монгол хэлээ ярьж байна. Жишээ нь "цухалдах",  "бачимдах", "бухимдах" бүгдийг нь "уурлах" гэдэг ганц үгээр хэлэх нь бий. Твитэрийн 140 тэмдэг, тухайн үеийн эмоци төдийг “үзэл бодол” гэсэн лут үгээр илэрхийлнэ. Орцны жижүүрт хөөгдөж буй согтуучуудын явдал дээр ч “үндсэн хууль” ярина. Агуулгын байтугай хэлбэрийн хувьд хүртэл үл ойлголцол үүсэх нь олон. Жишээ нь "Мөнгөтэй болохоороо үнэтэй юм авна биз" гэсэн комэнт аваад үзэе. "Мөнгөтэй болсоныхоо дараа үнэтэй юм авна биз", "Мөнгөтэй юм чинь үнэтэй юм авдаг биз" гэсэн хоёр эсрэг утга лав байна. Ганц асуултын тэмдэг нэмчихбэл "Мөнгөтэй болохоороо үнэтэй юм авна биз?" гээд бүр өөр утгатай болчихно. 

“Хүн шимпанзе хоёр үүрэг хариуцлагаараа л өөр” гэж Бат фээсбүүк дээрээ бичсэн байг. Танд яаж ойлгогдож байна? Тэгвэл ийм явдал болж. Хэсэг философичид шимпанзег хүнтэй тэгш эрхтэй байх ёстой, ёсгүй хэмээн мэтгэлцжээ,

   -..Шимпанзе хүн шиг ухаантай биш, тэгш эрхтэй байж болохгүй!

   -Үгүй дээ, шимпанзе хүнтэй л адилхан уурладаг, хайрладаг, мэдэрдэг..

   -Харваас хүнээс шал өөр царайтай өөр байхад даа

   -Тэгж ярьвал генетик талаасаа шимпанзе нь хүнтэй маш ойрхон, бүр нэандэрталь, хомоэрэктусаас ч илүү ойрхон...

Ийнхүү удаан мэтгэлцэж, шимпанзе хүн хоёрыг тэгш эрхтэй байлгах талынхан дийлэх маягтай болж гэнэ. Харин эсрэг тал ганц хариултаар мадалж авсан нь: "Тэгвэл шимпанзе татвар төлдөггүй. Тэр хүн шиг үүрэг хариуцлага хүлээхгүй учир хүний эрхийг ч бас эдлэх боломжгүй..." гэсэн гаргалгаа. Тун аятайхан жишээ. Харин үүнийг уншаад сэтгэл хөдөлсөн нэг нь "Татвар буй дор төр оршмой.." гэж огшихын цагт "Татвараа бүү төлцгөө.." гэж уриалсан Самандын Жавхлангийн фанатууд фээсбүүкт угтан авна. Харин Бат дээрхи явдлыг уншиж сэтгэл нь хөдлөөд "Хүн шимпанзе хоёр үүрэг хариуцлагаараа л өөр" гэж бичсэн байж. Батын бичсэнээс нь Батын бодол гүйцэт ойлгогдохгүй. Магад заримд нь улиг болсон үг шиг санагдана, зарим нь амьтаны эрх хамгаалж байна гэж ойлгоно, зарим нь бүр +18 гэж маазрана...

Гэх мэтээр үл ойлголцлын тухай дурдаад байвал дуусахгүй. Ер нь юмыг ул суурьтай харах их хэцүү ч юмуу даа, тэгээд л ихэнхи нь шууд шүүж, дүгнэдэг байх. Үүнд харин хөгшин залуу, баян ядуу, бакалавр докторын ялгаагүй дээ...
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив