Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Соронзон орон
2017 оны 1 сарын 10 [Уншсан тоо: 50736]
Бид нүүдэлчин ард түмэн. Зочломтгой мөртлөө үргэмтгий. Нутгаараа их бахархана, аан гэхдээ нутгаа хүнд үзүүлэх дургүй хармын сэтгэлгээтэй. Аймаг бүр 7 гайхамшигтай. Тэгсэн хэрнээ тэр 7 гайхамшигаа ядаж 700 хүнд үзүүлж хэдэн цаас олоод авахыг хичээдэггүй. Уг нь хамгаална гэдэг харамлахын нэр биш. Ургамал амьтан, уул ус жигдэрсэн, гадааддаа бол “дархан цаазат” цогцолборт жилдээ 2 сая хүн ирдэг мөртлөө ширхэг ч хоггүй. Гэтэл манай Хөвсгөлд жилдээ 50 мянган хүн очиход хогондоо дарагдаж, нуурын эргээр модон жорлон өрчихдөг. Хүний олон цөөндөө биш, хүний ухамсарт ч биш юм. Хүн аялаж л яваа бол ууна иднэ наргина цэнгэнэ. Үүнд ухамсар хамаагүй, зохицуулалтын л асуудал. Манайх онгон дагшин газруудаа ганц ойн цагдаагаар хамгаалуулах биш, харин ч жуулчин хүлээж авдаг бүс болгочихвол найдвартай хамгаалах эзэнтэй болох ч юм шиг. Аялал жуулчлалд төрийн оролцоо нэлээд чухал юм гэдэг нь “100 чухал сэдэв: Соронзон орон” нэвтрүүлэг үзэхэд бодогдов. Наад зах нь "Цонжин болдог" тойроод гэр хороолол болчихвол яанам билээ? Хөвсгөл нуурыг тойрсон амралтын газруудад 00 -ын стандарт тогтоож өгөхгүй бол яанам билээ? Сумын засаг дарга, жуулчны бааз хоёр ойлголцохгүй бол яанам билээ? Гадныхан ирээд шөнөдөө ганц пиво уучих газаргүй бол яанам билээ? Сайдаасаа эхлээд хувийн хэвшил, аялагчид, гадаадынхан хүртэл “Соронзон орон” нэвтрүүлгийн зочид олон л зүйл ярьж байна, бүгдээрээ л асуудлаа ч мэдэж байна шийдлээ ч ярьж байна. Тэгээд яагаад хэн нэг нь дорвитой хөдөлж өгдөггүй юм бол?



Өмнөх засгийн үед аялал жуулчлалын олон том арга хэмжээ, чуулган, аян гэх мэт ТВ –ээр харахад бол гоё гоё ажлууд урссан. Даанч дарга нар өөрсдийн пиарыг л түлхүү хийснээс жуулчдыг татах пиар дорвитой хийгээгүй бололтой юм. 2016 онд манай улсын аялал жуулчлалын салбар ДНБ -ий ердөө 3.2!! хувийг бүрдүүлж, 400 мянган жуулчин иржээ. Ордост жилдээ 3 сая жуулчин хүлээж авдаг Чингисийн ёслолын онгон бий. Бүтээн байгуулалт тал дээр хятадыг угаас барахгүй. Гэхдээ Ордост буй онгон бол зохиомол эд. Уг нь хамаг “ориг” юмнууд нь манайд байгаа. Хөлбөмбөгт “түлхүүр тоглогч” гэж ярьдаг. Одоо дасчихсанаас биш анх сонсоход сонин хэллэг. Түүн шиг аялал жуулчлалд “соронзон орон” гэж хэллэг бий. Ухаандаа манай аялал жуулчлалын соронзон орон бол Чингис хаан. “Монгол гэж улсыг дэлхийд бараг мэдэхгүй, гэхдээ Чингис хааныг бол бүгд мэднэ” гэж гадныхан хэлэх. Монголын эзэнт гүрэнд багтаж байсан бүх л улсууд Чингис хааныг өөриймшүүлэх гэж үзнэ. Гэхдээ Монгол улс бол Чингис хааны “origin”, монголд түүх дурсгал бүх юм “original”, за цаашлаад байгаль нь “original”. Энэтхэгчүүд "Incredble India", Малайзчууд "Truly Asia" г.м. нэгдсэн уриатай байдаг шиг биднийг тодорхойлох уриа "Original" байж ч болох...

Үйлчилгээ, дэд бүтэц муу гэдэг хамгийн том асуудал биш юм байна. Техник хөгжсөн өнөө үед дэд бүтэц гэдэг үнэндээ дэд асуудал болжээ. Өөрөөсөө мөнгө гаргадаг төр бол хамгийн муу төр юм. Хууль дүрэм, өгөх ашиг нь ойлгомжтой тодорхой бол дэд бүтэц байтугайг босгоод өгөх хөрөнгө оруулагч олдоно. Зөгий цэцгэнд хайртайдаа арчилдаг юм биш. Зөгийд цэцэг хэрэгтэй учраас арчилдаг юм. Энэ бол байгалийн хууль. Түүх дурсгал, нутаг байгаль эвдрээгүй байх тусам л жуулчлал хөгжинө. Тэр ч утгаараа байгаль орчин, түүхийн дурсгалыг үнэн сэтгэлээсээ хамгаалж, тордож чадах хамгийн гол субьект бол аялал жуулчлалын салбарынхан билээ. Харин хэн нэг тэмцэгч ч юмуу хог түүдэг ТББ хамгаалах нь юу л бол. 

Авууштай нь Азийн Хүлэг Улс судалгааны байгууллагын нэвтрүүлгүүд асуудлыг аль аль өнцгөөс нь харуулах юм. Жишээ нь нэг оролцогч “Дэлхий дээр өвөл үзээгүй 5 тэрбум хүн байна, манайд өвлийн аялал жуулчлал сайн хөгжих боломжтой..” тухай тун үнэмшилтэй санаа хэлэв. Зөрөөд нөгөө оролцогчийн ярианд “Өвлийн аялал хөгжихөд одоогоор хүнд. Эхлээд зунаа сайн хөгжүүлээд, тэгээд хавар намар, сүүлд нь өвлийн аялал хөгжүүлнэ гэвэл арай бодитой..” гэх тайлбар хэлнэ. Үзэгч өөрөө дүгнэнэ. Ганц нэвтрүүлэг үзсэн надад хүртэл овоо “цогц ойлголт” үлдчихэж байхад яг мэдээлэл дунд байгаа сайд, дарга нар бүр нарийн ширийнийг мэддэг байж таараа. 

Аялал жуулчлал гэдэг нэг бодлын их улигт юм шиг мөртлөө бидний байнга санах ёстой гол сэдэв ажээ. Зөвхөн эдийн засгийн ашиг төдийгүй нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой. Аялал жуулчлал дагаад орон нутаг хөгжинө, нүүдэлчин ахуй хадгалагдана, байгаль хамгаалах эзэнтэй болно, хот чиглэсэн нүүдэл саарна гэх мэт. Гэхдээ олон асуудал шийдэх хэрээр олон асуудлын цогц бодлого хэрэгтэй аж. Нутгийн иргэд, гадаадын хөрөнгө оруулагч, нэгжүүдийн засаг дарга, дэд бүтэц, морь мал.. гээд бүх юмыг цогцоор нь авч үзэж, цогцоор нь зохицуулах хэрэгтэй. Ийм өргөн хүрээний эрх мэдэл зөвхөн төр засагт л буй. Төрийн үүрэг бол шийдэл олж, түүнээ ажил хэрэг болгох явдал. Үнэмлэхүй олонхи болсон нэг нам, элдэв гацаалт поп-уудын нөлөө бага өнөөгийн УИХ, засгийн газарт ажил урагшлуулах боломж уг нь их л байна даа.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив