Үлгэр
2017 оны 3 сарын 6 [Уншсан тоо: 34041]
Хүн хүүхэд насандаа “Өнхрүүш”, “Болдоггүй бор өвгөн” уншиж, нас ахих хэрээр арай илүү учир шалтгаантай бичвэр эрэх нь зүй юм, уг нь бол. Үлгэрийн хэлбэр янз бүр ч агуулгын хувьд хэдэн үндсэн шинж чанар бий нь: “Ойлгоход амархан”, “Учир шалтгаангүй”, “Тоо баримт падлийгүй”. Жишээ нь “Алтан мөнгөн аргай” үлгэрт аав нь өөрийнхөө оронд хүүгээ мангаст идүүлэхээр тохиролцоно. Тэгээд хүү мангасыг дараад, аавыгаа хөнөөгөөд, сайн анд бухан бяруугаа “өөрийн нь хүслээр” алж арьсыг нь дэлгэж зүрхийг тэвэрч унтсаны ачаар эд мал эхнэр олж аваад, ээжтэйгээ хамт амар сайхандаа жаргана. Ойлгоход маш амархан. Мэдээж үлгэр юм хойно учир шалтгаан, тоо баримт падлийгүй. Хүү мангасаас зугтаж яваад сэтэрхий тэвнэ, хагархай билүү, хугархай сам газраас олж, тэднийхээ шидээр өтгөн ширэнгэ, ургаа хад, тэнгис далай бий болгож мангасын замыг хаана. Чухам яагаад тэдгээр шидэт зүйлс газраас олдсон нь хамаагүй. Мангас уг нь идэх гэж хөөх мөртлөө өнөөх хүүгийн үгэнд итгэж, хөлдөө чулуу зүүж далайг гатлах гээд үхнэ. Хүүд яагаад итгэсэн учир шалтгаан падлийгүй. Бас хүүд огт танихгүй үнэг, бухан бяруу нар тусална. Ямар учраас юм бүү мэд. Мэдээж тоо баримт бас хамаагүй. Хүүгийн морь найман хөлтэй, мангас тогоон чинээ толгойтой, гэрийн чинээ гэдэстэй атал хүү жирийн нэг ядарсан эмгэнтэй андуурна, бас мангас гаталж чадахгүй далайн цаанаас эсвэл авирч чадахгүй хадны цаанаас хүүтэй ярилцана. Улаан малгайтын үлгэрт чоно эмээ, улаан малгайт хоёрыг амьдаар нь залгичихдаг. Их аварга чоно болж таарна. Гэх мэт . Үлгэр анх сонсож буй хүүхэд эргэцүүлэх албагүй. Үлгэрийг хүүхэд байхдаа уншихад сонирхолтой ч том болсон хойно “үлгэрийн” санагдана. Товчхондоо үлгэр нь хүн төрөлхтөний анхан шатны уран зохиол, хүүхэд насны анхны уран зохиол билээ.

Үлгэр гэж мэддэг учраас “Өнхрүүш”, “Улаан малгайт”, “Алтан мөнгөн аргай” үлгэрт насанд хүрэгчид тэгтлээ автахгүй л дээ. Гэхдээ өөр төрлийн үлгэрт автах нь их. “Ойлгоход амархан”, “Учир шалтгаан хэрэггүй”, “Тоо баримт падлийгүй” гэсэн үлгэрийн үндсэн гурван шинжээр нь солонгос сэриал, хошин шог гэх мэтийг үлгэр гэж хэлж болно. Үлгэрт дуртай байх нь муу зүйл мэдээж биш. “Харри Поттэр” кинонд дуртай бүхнийг “Чи үлгэрт автдаг бяцхан тархитай” гэж хийрхэж болохгүй. Би өөрөө ч хүүхдийн үлгэр унших, хааяа хошин шог үзэх дуртай. Үлгэрээс таашаал авдаг байхад л хангалттай. Харин үлгэрээс амьдралдаа үлгэрлээд эхэлбэл асуудал үүснэ. Үлгэр олон хэлбэртэй. Жишээ нь “Нарийн царигтай төмөр замаар хятадын танк орж ирээд Монгол улсыг эзлэх..” нь нэг төрлийн үлгэр юм. Ямар ч учир шалтгаангүй, тоо баримтгүй, бас ойлгоход маш амархан. Оюутолгойн нийт алтыг УБ хотын нутаг дэвсгэртэй харьцуулсан макетийн зураг бол бас л нэгэн үлгэр. Ямар ч учир шалтгаангүй, тоо баримтгүй, бас ойлгоход маш амархан. Хөөрхий бүсгүйг найз залуу нь зодсоор байгаад алчихсан тухай үлгэр шар хэвлэлээр сонсоод шууд л итгэнэ. Залуу үнэхээр тийм гэмт хэрэг хийсэн ч байж магад, үгүй ч байж магад. Гол нь нэг төрлийн үлгэр л байв. Мэдээж үлгэрээс ялгахын тулд шар хэвлэлүүд учир шалтгаан эрнэ, хагархай билүү шидээд мангас авирч чадахгүй хад ургуулсан шиг нэг тиймэрхүү “үлгэрийн” учир шалтгаан. Хамгийн сүүлд нэг төрлийн үлгэрт нийтээрээ итгэсэн нь сүлжээний пирамид байх шив. Сүлжээний пирамидын үлгэр нь ойлгоход маш амархан, учир шалтгаангүй, тоо баримт падлийгүй. Хүүхдийн үлгэрт бусдаас онцгой биш нэг хүү газраас сэтэрхий зүү олж, түүнийхээ шидээр мангасыг дардаг бол том хүний үлгэрт бусдаас онцгой биш гэрийн авгай 1000 доллар өгөөд 8000 доллар эргүүлж авдаг. Сүлжээнд элсэгчид нэг бол луйварчид нэг бол үлгэрт итгэгчид л байдаг. Пирамидын оройд амжиж гарсан нэг хувь нь үлгэр ярьдаг хүмүүс, пирамидын ёроолд буй 99 хувь нь үлгэрт итгэдэг хүмүүс гэсэн үг. Бухан бярууныхаа зүрхийг тэвэрч унтлаа адуу малтай боллоо, Сарандаваагийн лэкцэнд суулаа мөнгөтэй боллоо... адилхан л үлгэр юм.

Хов ярианд дурлаж болно, үнэндээ нэг их сүртэй оюуны хоосрол биш шүү дээ, эр эм хөгшин залуугүй л хов ярьдаг. Харин хов яриагаар ажил хэрэг явуулж л болохгүй. Шар мэдээ сонирхож болно, “сонин сайхан” юманд дурлах нь хүний төрөлх натур. Харин хов яриа, шар мэдээгээр хүнийг дүгнэж л болохгүй. Үлгэрт буруу байхгүй, “үлгэр” ярьж дээш гарах улстөрчид ч буруу байхгүй, “үлгэр” ярьж бизнэс хийж буй нь ч буруугүй, ерөөсөө үлгэр шиг юманд итгэдэг асар олон хүн байгаа нь л бидний асуудал юм. “Жинхэнэ сайн зохиол бодит амьдралаас ч илүү үнэмшилтэй байх ёстой” гэж Эрнэст Хэмингуэ хэлжээ. Юмыг олон талаас харж, учир шалтгаан, тоо баримт тодотгосон сайн ном, сайн бичвэр уншиж байж хүмүүс үлгэрт итгэх нь багасна. Хүн үлгэрт итгээд яваад байна гэдэг үлгэрээс цаашаа юм уншаагүй, үлгэрээс цаашаа юм хүлээж авахгүй л байна гэсэн үг ч юмуу даа. Бие нь насанд хүрсэн ч санаа нь хүүхдийнхээрээ. Бөөндөө үлгэрт автахаа байчихвал энэ улсын их олон асуудал шийдэгдэнэ дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив