Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зарчимгүй тоо
2017 оны 4 сарын 17 [Уншсан тоо: 38605]
Хаврын 17 учрал, 17 чингэлэг спирт, солонгос кинонд 17 залуутай зодолдоно, Дэнзэн 17 тэрбумыг идсэн, офшорт 17 тэрбум доллар гэх мэтээр 17 –ын тоо моодонд орж. 17 он учир 17 –ийн тоо далд ухамсарт хүчтэй нөлөөлж магадгүй гээд ч тэр юмуу. Офшортой улс төрчдийг төрөөс холдуулах нь зүйн хэрэг. Ихэнхи улсад улс төрийн албан тушаалтан офшор данстай байхыг хуулиар хориглодог. Гэлээ гээд тамтаггүй их тоогоор олны толгойг эргүүлэх нь угаас бухимдалтай байгаа хүмүүсийг бүр л үймүүлэхээс өөр нэмэргүй. Часхийсэн үнэн үг зүрхэнд хүрэхээс биш, чанга орилсон дэгс үг хүний уур барахаас цаашгүй. Ямартай ч 17 тэрбум доллар гэдэг манай улсын сүүлийн 10 жилийн нийт төсөв, Оюутолгойн 10 жилийн борлуулалттай тэнцэнэ. Хулгайллаа, хуслаа гээд манай жижигхэн эдийн засгаас гарамгүй их мөнгө шиг л санагдах юм. Манай гадаад өр 20 тэрбум хавьцаа доллар, тэрэнтэй жишээд л шууд зохиочихсон тоо юм болов уу даа. Офшорчдыг өмөөрөөгүй юм шүү, ард нийтээрээ 1 их наяд төгрөг, 1 тэрбум доллар, 1 сая доллар гурвыг ялгадаг байгаасай л гэсэн юм.

Эрдэнэтийн захиралын цалинг 55 саяас 24 сая уруу бууруулжээ. Ингэж буулгаад байхад харин зарим тэмцэгчид маань цалингийн дээд хэмжээ 24 сая, доод хэмжээ 240 мянга байгаа нь аймшигтай шударга бус мэтээр сурталдав. Доллараар тооцоход цалингийн доод хэмжээ 100 доллар, дээд хэмжээ 10 000 гэсэн үг. Цалингийн доод дээд харьцаа 1:100 байгаа нь зах зээлийн нийгэмд тийм ч аймар тоо биш. Барууны орнуудад энэ тоо 1:1000, 1:2000 г.м. харьцаатай байдаг. Ухаандаа Америкт цалингийн доод хэмжээ сард 1000 доллар байхад том корпорациудын CEO нар 2 сая долларын цалинтай гэсэн үг /багцаа тоо шүү/. Бүх юм жигд байсан социализмын үед хүртэл намын төв хорооны томчуудад улсаас өгдөг хангамж /орон сууц, гэрийн тавилга, сарын хүнсний хэрэгцээ, гадаадад амрах зардал, байрны засвар г.м./ нь жирийн малчны цалинтай харьцуулахад 1:1000 байсан юм билээ л дээ. Зүгээр ойрхон Казахстан, Хятадад 6000 хүнтэй уурхайн дарга ямархуу цалин авдаг тухай тоо баримт харьцуулж болно. Оюутолгойн захирал Эрдэнэтийн захирлаас хэд дахин илүү авдаг. Ямар ч юмыг тоо баримтаас хальж, утга уянга уруу оруулдаг монгол зангаар жирийн хүн 24 сая төгрөгийг хэдэн жил нойр хоолгүй хөдөлмөрлөж байж олж авах тухай утга уянгын чимэглэл, яриа дэгдээв. Эрдэнэтийн захирал эмч багшийн гурван жилийн цалинг ганц сард авдаг нь хар ухаанаар бодоход муухай л даа. Гэвч дахиад жаахан эргэцүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн төсөвт оруулдаг мөнгө нь монголын бүх эмч, багш, цагдаагийн бүтэн жилийн цалинтай тэнцүү. Эрдэнэтийн захирал тааруухан ажиллаж, орлого нь хэдэн хувь хорогдоход улсын төсөв хэдэн зуун тэрбумаар тасарна, хэдэн мянган эмч багш цагдаагийн цалин хэцүүднэ. Улсын төсөв бүрдүүлдэг үйлдвэр ахална гэдэг дурын бөх, эсвэл дуучин хүн хийчихдэг УИХ-ын гишүүний местээс өөр юм. Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалин асуудал биш, харин зөв хүнээ томилж чадаж байна уу гэдэг л асуудал юм.

Эцэст нь хэлэхэд тэмцэл, шүүмжлэл ч жаахан зарчимтай баймаар. Дандаа "муу" авдаг хүүхэд хичээж хичээж "дунд" дүн аваад ирэхэд нь "чи онц сурсангүй" гээд зодож буй аав шиг аашлах нь шударга бус. Өмнөх засгийн үед Эрдэнэтийн захирлын жилийн цалин хангамж хангамж 2.9 тэрбум төгрөг байсныг 10 дахин бууруулж хангамж 290 сая төгрөг болгочихоод байхад л "Энэ муу новш эмч багшаас 40 дахин их цалин авах нь.." гэж элдэвлээд байгаа нь жаахан зарчимгүй, тэмцэгчдийн хэлдгээр шударга бус санагдаад байх юм. Төрийн өмчит үйлдвэр 88 компаний 95 хувь нь мэргэжлийн хүн очиж, өмнө нь бол тал нь л мэргэжлийн байж. Юмыг сайжруулаад байхад мууг нь олж гөвөх жаахан зарчимгүй санагдаад. Ард иргэд бүгдээрээ 1 их наяд төгрөг, 1 тэрбум доллар, 1 сая доллар гурвыг ялгах нь тун төвөгтэй санагдаад сүүлдээ 20 сургууль барих мөнгө, 50 цэцэрлэг барих мөнгө энэ тэр гэж дансалдаг болох шив.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив